Амьтдын гайхамшигт ертөнц — ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: ХОЁР НУТАГТНУУД
Хүйтэн цустай бөгөөд усанд болон хуурай газарт аль алинд нь амьдардаг амьтдыг нийтэд нь хоёр нутагтан гэж нэрлэдэг. Тэднийг дотор нь мэлхий, гүлмэр буюу саламандр, сасилиан буюу хөлгүй гүрвэл гэж 3 ангилна.
Хоёр нутагтан гэж хэн бэ?
Хоёр нутагтнууд өндөг, авгалдай, нас биед хүрсэн үе гэсэн амьдралын гурван үе шатыг туулдаг. Тэд усан дотор амьдралаа эхлүүлж, заламгайгаар амьсгалах бөгөөд дараа нь нас бие гүйцсэн хойноо уушгиар амьсгалах чадвартай болон хувирч, хуурай газарт ч мөн амьдрах боломжтой болдог. Энэ үйл явцыг хувирал буюу “метаморфоз” гэж нэрлэнэ.
Нийтдээ 5000 гаруй төрөл зүйлийн хоёр нутагтан амьтдыг дотор нь гурван бүлэгт хуваадаг.
■ Мэлхий ба бах: Тэдний авгалдайг шанаган хорхой гэж нэрлэх бөгөөд насанд хүртлээ замгаар хооллодог.
■ Ньют ба саламандр: Урт сүүл, богино хөлтэй бөгөөд махан идэшт амьтад.
■ Сасилиан: Урт, нарийхан биетэй, хөлгүй, зөвхөн халуун орны чийглэг газарт амьдардаг.
Мэлхий, бах, саламандр зэрэг хоёр нутагтнуудын талаар олонхи хүмүүс тодорхой хэмжээнд мэддэг боловч сасилиануудын талаар төдий л сайн мэддэггүй. Тэд бол газрын хөрсөнд болон усан дор амьдардаг өттэй төстэй амьтад юм. Хэдий тэд өттэй ижил харагдах ч илүү том биетэй бөгөөд хамгийн чухал нь нурууны ястай. Маш сайн үнэрлэх чадвартай ба хурц муруй шүдээрээ газар доорхи өт хорхойг барьж иддэг. Сасилианууд янз бүрийн амьдралын мөчлөгтэй байдаг. Зарим нь өндөгөө шууд гаргаад дардаг бол зарим нь авгалдай болох хүртэл нь өндөгийг биеийнхээ дотор хадгалдаг.
Ихэнх хоёр нутагтнууд нас бие гүйцсэн үедээ хуурай газарт амьдардаг боловч үржлийн үеэр усандаа буцаж ирдэг. Зарим зүйлийн амьтад өөрийн анх гарч ирсэн цөөрөмдөө буцаж очихын тулд маш хол зайг туулах нь ч бий. Усандаа буцаж очсоныхоо дараа тэд хосоо олон үржилд орж, өндөг гаргана.
Хоёр нутагтнууд усанд болон хуурай газарт амьдрахад сайн зохицсон нэлээд энгийн биеийн бүтэцтэй. Тэдний бусад амьтдаас ялгарах гол онцлог нь богино пагдгар бие, том нүд, өргөн ам зэрэг нь юм.
Тэдний арьс нь үсгүй, зөөлөн, толигор бөгөөд ямар ч орчин нөхцөлд дасан зохицохуйц байдаг. Мөн тэд маш нимгэн арьсаараа агаарыг шингээн авч амьсгалдаг. Салст булчирхай нь арьсыг үргэлж чийгтэй байлгах ба энэ нь агаарыг нэвтрүүлэхэд тусалдаг.
Гүлмэрүүд буюу саламандр болон нюьт
Ньют болон саламандрын хооронд бодит ялгаа бараг л байхгүй бөгөөд ньют нь амьдралынхаа ихэнх хугацааг усанд өнгөрөөдөг саламандрийн дэд бүлэг юм. Бусад хоёр нутагтнуудын адилаар тэдний амьдрал усан дотор эхлэх ба 4 сар орчмын дараагаас заламгай нь агшин алга болж уушгиар амьсгалж эхэлдэг. Ийнхүү уушгиар амьсгалдаг болсноор тэд хуурай газарт амьдрах шаардлагатай болно. Саламандрын урт сүүл нь түүнийг усан дотор нааш цааш явахад нь чухал үүрэгтэй бөгөөд тэдний урд хөл нь дөрвөн хуруутай бол хойд хөл нь таван хуруутай байдгаараа онцлог.
Хятадын аварга саламандер /Chinese giant salamander/ нь 1.8 метр урт биетэй, 50 орчим жил насалдаг, Хятадад амьдардаг, устах эрсдэл бүхий, ховордсон хоёр нутагт амьтан. Дэлхийн хамгийн том хоёр нутагтан амьтан бөгөөд уулын горхи зэрэг түргэн урсгалт усанд амьдрахыг илүүд үздэг. Голчлон шөнийн цагаар сам хорхой, загас, шавьж ангуучлан амьдардаг ба тэдний эрэгчин нь амьтны ертөнцийн хамгийн халамжтай эцгүүдийн нэг. Учир нь үржлийн улиралд аль нэг эрэгчин нь нутаг дэвсгэрийнхээ бүх үржлийн хосуудын хөдөлгөөнийг удирдан хянаж, дараа нь бүх өндөгийг хагарах хүртэл нь харж, хамгаалдаг.
1.8 метр хүртэл өсөж томордог, дунджаар 60 кг жин татах энэ амьтан дэлхий дээрх хамгийн том хоёр нутагтан юм. Амьд чулуужсан яс гэгддэг аварга саламандер гүрвэл Юрийн галавын үед буюу одоогоос 170 сая жилийн өмнө эрт балрын үлэмж биет усны гүрвэлийн овгоос тасран, бие даан хувьссаар энэ цаг үед хүрчээ. Аварга саламандер Хятадын төв хэсэгт орших Хөх мөрөн болон өмнөд хэсгийн Сувдан мөрний сав газрын уулархаг хэсгийн цэнгэг уст гол, нууруудаар нутагладаг. Харамсалтай нь тоо толгой нь 1950-иад оноос хойш 80 хувиар буурсан нь эрчимтэй явагдсан аж үйлдвэрлэл, уул уурхайгаас шалтгаалсан тархац нутгийн хумигдлаас болсон байна. Хятадын ардын уламжлалт анагаах ухаанд усны гүрвэлийн махыг ашигладаг нь, махыг нь тансаг зоогт тооцдог нь ч мөн хэрээс хэтэрсэн агнуурт хүргэжээ. Хятадын Засгийн газраас аварга усны гүрвэлийг Улаан номд бүртгэж, тусгай хуулиар хамгаалдаг ч жил бүр дунджаар 100 аварга саламандер хууль бус агнуурчдын гарт энддэг байна. Дэлхийн дулаарал ч үржилд нь сөргөөр нөлөөлөх болжээ. Аварга саламандер цельсийн 20 градусаас дээш температуртай усанд идэшлэхээ больдог нь биеийн жинг нь бууруулж, үржлийн явцыг нь тасалдуулдаг аж. "Arav.mn”
Галт саламандер /Fire salamander/ нь 18–28 сантиметр урт биетэй, 50 орчим жил насалдаг, баруун хойд Африк, Европ, баруун Азид амьдардаг хоёр нутагт амьтан. Бие дээрхи шар судлууд нь түүнийг хортой гэдгийг бусад махчин амьтдад маш тодоор анхааруулдаг. Ихэвчлэн уулын энгэрт болон ой модонд амьдрах бөгөөд өт, эмгэн хумс, шавьжаар хооллоно. Өвлийн хүйтэн саруудад газар доор, тухтай нүхэнд ичих ба бороо орж дулаан болох үед эргэж гарч ирдэг.
Жорданы саламандер /Jordan’s salamander/ нь 8.5–18.5 сантиметр урт биетэй, 20 орчим жил насалдаг, АНУ-н зүүн хэсэгт амьдардаг хоёр нутагт амьтан. Түүний сүүлнээс нь ялгарах салслаг шингэнээс болж махчин амьтад түүнийг идэлгүй орхих нь элбэг. Эрэгчин нь жил бүр, эмэгчин нь хоёр жил тутамд нэг удаа үржилд ордог сонирхолтой амьдралын хэв маягтай бөгөөд жаран хөлт, цох, шавьжны авгалдайгаар хооллодог.
Дэлт ньют /Great crested newt/ нь 10–14 сантиметр урт биетэй, 16 орчим жил насалдаг, Европ, төв Азид амьдардаг хоёр нутагт амьтан. Үржлийн улиралд зөвхөн эрэгчингийнх нь нуруун дээр дэл хэлбэрийн зүйл ургах ба эмэгчнээ өөртөө татахын тулд усан дор маш нарийн төвөгтэй бүжиг хийдэг. Үржлийн дараа эмэгчин нь 200 гаруй өндөг гаргах бөгөөд өндөгнүүдээ нэг бүрчлэн навчаар ороож хамгаалдаг. Шавж, өт, модны бөөс, эмгэн хумс, нялцгай биетнээр хооллоно.
Номхон далайн аварга саламандер /Pacific giant salamander/ нь 17–34 сантиметр урт биетэй, 20 орчим жил насалдаг, Канадын баруун өмнөд хэсэгт болон АНУ-н баруун хойд хэсэгт амьдардаг хоёр нутагт амьтан. Шөнийн идэвхитэй амьтан бөгөөд гол мөрөнд эсвэл түүний эргэн тойронд амьдардаг. Сонирхолтой нь тэдний заримынх нь заламгай огт агшиж алга бололгүй байнга усанд амьдардаг бол заримынх нь заламгай агшиж алга болдог тул усаа орхиж явах шаардлагатай болдог. Чухам юунаас болж ингэж саламандр бүрт харилцан адилгүй байдгийг олж тогтоож чадаагүй. Шавьж, нялцгай биетэн, бусад хоёр нутагтан, могой, хулгана зэргээр хооллодог.
Хаан матар саламандер /Emperor crocodile salamander/ нь 14–18 сантиметр урт биетэй, 10 орчим жил насалдаг, өмнөд ба зүүн өмнөд Азид амьдардаг хоёр нутагт амьтан. Өвөл эсвэл хуурай цаг агаартай үед газар доор байх ба борооны улиралд гарч ирдэг. Үржлийн улиралд голчлон цөөрөм рүү очин, хосоо олон үржилд орж, усны ургамал дээр өндөгөө гаргадаг. Өт болон жижиг загасаар хооллоно.
Европын олм /European olm/ нь 20–30 сантиметр урт биетэй, 5 орчим жил насалдаг, өмнөд Европт амьдардаг хоёр нутагт амьтан. Тэд бол агуйд эсвэл газрын гүнд амьдардаг цөөхөн хоёр нутагтан амьтдын нэг бөгөөд бүрэн харанхуйд амьдардаг тул бараг л сохор. Газар доорх гол горхинд шавьж, авгалдай идэж амьдрах ба уснаас хэзээ ч гардаггүй.
Мэлхийнүүд
Эдгээр хүйтэн цустнууд хоёр нутагтан амьтдын хамгийн том бөгөөд хамгийн гол бүлгийг бүрдүүлдэг. Тэд муур шиг том Голиат мэлхийнээс эхлээд хумснаас ч жижиг Бразилийн алтан мэлхий хүртэл янз бүрийн хэлбэр, хэмжээ, өнгөтэй. Дэлхий дээр нийт 4500 гаруй зүйлийн мэлхий байх ба ихэвчлэн жижгэвтэр биетэй, урт хойд хөлтэй, сүүлгүй, гөлгөр, чийглэг арьстай, үсрэх чадвар маш сайтай байдаг. Бах мэлхий /Toad/ нь том бие, илүү хуурай, булцуутай арьс, үсрэхээсээ илүү алхаж явдаг, хуурай газарт илүү их хугацааг өнгөрүүлдэг зэргээрээ бусад жижиг /Frog/ мэлхийнүүдээс ялгарна.
Эрэгчин мэлхийнүүд зүйлийн онцлогоосоо шалтгаалж янз бүрийн дуу авиа гаргах бөгөөд хэдий чинээ чанга дуу гаргана тэр хэрээр эмэгчин нь түүнийг олж очин үржилд орох магадлал нь нэмэгдэнэ. Ийнхүү эр эм мэлхийнүүд үржилд орсны дараа эм нь 2000 гаруй өндөг гаргадаг. Гэвч маш олон гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр тэдгээр өндөгнөөс 5 орчим нь л нас бие гүйцсэн мэлхий болж чаддаг.
Австралийн модны ногоон мэлхий /Australian green treefrog/ нь 5–10 сантиметр урт биетэй, 15 орчим жил насалдаг, Шинэ Гвиней болон Австралид амьдардаг, устах эрсдэл бүхий, ховордсон амьтан. Энэ мэлхий нь голчлон хүмүүстэй ойр байшин барилгын ойролцоо амьдрах ба номхон дөлгөөн ааш авиртай. Шөнийн идэвхитэй бөгөөд шумуул, шавьж, бүр хулгана хүртэл иддэг. Мөн тэдний арьсанд агуулагдах бодисыг цусны даралт эмчлэхэд ашиглах нь ч бий.
Мексикийн нүхний бах мэлхий /Mexican burrowing toad/ нь 6–8 сантиметр урт биетэй, 10 орчим жил насалдаг, АНУ-ын өмнөд хэсгээс Төв Америк хүртэл тархан амьдардаг, устах эрсдэл бүхий, ховордсон амьтан. Энэхүү дэгжин мэлхий зөөлөн хөрсийг нүхлэн амьдралынхаа ихэнх хугацааг газар доор өнгөрөөж, шоргоолж, морин шоргоолжоор хооллодог. Зөвхөн үржилд орохын тулд аадар борооны дараа л нүхнээсээ гарч ирэх бөгөөд тодорхой үржлийн улирал байдаггүй тул бороо орох бүрт нүхнээсээ гарч ирэн “вүүхүү-оа” гэж дуугаран хамтрагчаа дууддаг.
Ява арлын эвэрт мэлхий /Javan horned frog/ нь 7–14 сантиметр урт биетэй, 6 орчим жил насалдаг, зүүн өмнөд Азид амьдардаг, устах эрсдэл бүхий, ховордсон амьтан. Энэ ойн мэлхий хатсан навч шиг харагддаг тул түүнийг анзааралгүй өнгөрөх тохиолдол элбэг. Хурц хоншоор, гадна хамгаалалтын бүрхүүлтэй нүд, хурц атираат арьс зэрэг нь түүнд нуугдах боломжийг бүр ч илүү олгох бөгөөд хилэнцэт хорхой эсвэл жижиг хавч зэрэг амьтдыг хажуугаар нь анзааралгүй өнгөрөхийг тэвчээртэй хүлээж байгаад барьж иддэг.
Улаан нүдэт модны мэлхий /Red-eyed treefrog/ нь 4–7 сантиметр урт биетэй, 5 орчим жил насалдаг, төв Америкт амьдардаг, устах эрсдэл бүхий, ховордсон амьтан. Хэдий тэд хоргүй боловч улаан өнгийн нүд нь араатан амьтдад тэднийг хортой эсэхэд эргэлзэхэд хүргэдэг. Ийнхүү эргэлзэж байх хооронд нь тэд маш хурдан зугтан оддог бөгөөд олон эрдэмтэд энэ мэлхийг ингэж зугтах зорилгоор улаан нүдтэй болж хувьссан гэж үздэг. Шөнийн идэвхитэй амьтан бөгөөд урт наалдамхай хэлээрээ эрвээхэй, царцаа барьж иддэг.
Копигийн модны саарал мэлхий /Cope’s gray treefrog/ нь 3–6 сантиметр урт биетэй, 5 орчим жил насалдаг, Канад болон АНУ-д амьдардаг, устах эрсдэл бүхий, ховордсон амьтан. Эдгээр жижиг мэлхий хаг өвсөөр бүрхэгдсэн модны мөчир дунд нэлээд сайн өнгөлөн далдлалт хийх чадвартай. Үргэлж усны ойролцоо амьдрах ба хоёрхон сарын дотор шанаган хорхойноос залуу мэлхий болж хувирдаг.
Карбин мэлхий /Carbine frog/ нь 6–7.5 сантиметр урт биетэй, 5 орчим жил насалдаг, Австралид амьдардаг, устах эрсдэл бүхий, ховордсон амьтан. Карбин мэлхий Австралийн хойд хэсгийн ширэнгэн ойн ёроолд жижиг сээр нуруугүй амьтдаар хооллож, нойтон навчны дунд нүх ухаж, түүн дотроо амьдардаг. Шанаган хорхой нь нас бие гүйцсэн мэлхийнээс хоёр дахин жижиг байх бөгөөд мэлхий болон хувирахын тулд хоёр жилийн хугацааг зарцуулдаг.
Америкийн бух мэлхий /American bullfrog/ нь 9–20 сантиметр урт биетэй, 16 орчим жил насалдаг, Канад, АНУ-д амьдардаг, устах эрсдэл бүхий, ховордсон амьтан. Эдгээр том мэлхийнүүд хоолны дуршил ихтэй бөгөөд сээр нуруугүйтэн, жижиг хөхтөн амьтад, шувууд, хэвлээр явагчид, загаснууд, тэр ч байтугай яст мэлхий болон бусад мэлхий зэрэг хөдөлж, залгиж чадах бараг бүх зүйлийг иддэг. Тэд ихэвчлэн удаан урсгалт гол, горхины ирмэг дагуух ургамлын дунд амьдардаг.
Голиат бух мэлхий /Goliath bullfrog/ нь 10–40 сантиметр урт биетэй, 15 орчим жил насалдаг, Камерун, Экваторын Гвинейд амьдардаг амьтан. Голиат бол дэлхийн хамгийн том мэлхий бөгөөд машины урттай дүйцэх хол зайд үсэрч чадна. Шанаган хорхой байх үедээ бусадтай адил хэмжээтэй байх ба мэлхий болж хувирсныхаа дараа л улам улам томорч эхэлдэг.
Малайн модны бах мэлхий /Malayan tree toad/ нь 5–10 сантиметр урт биетэй, зүүн өмнөд Азид амьдардаг амьтан. Бах мэлхийнүүд авирахдаа төдийлэн сайн биш байдаг бол малайн бах мэлхийн хувьд эсрэгээрээ буюу тэд бол маш сайн авирагчид. Голын ойролцоох модны мөчир дээр суух дуртай бөгөөд эм бах нь гол мөрөнд түрсээ шахдаг.
Дорнын галт бах /Oriental fire-bellied toad/ нь 3–5 сантиметр урт биетэй, 20 орчим жил насалдаг, зүүн ба зүүн өмнөд Азид амьдардаг амьтан. Энэ мэлхий аюул заналхийлсэн үед биеэ тэгшлээд, нуруугаараа нумран, хөлөө толгой дээгүүрээ өргөн тод улбар шар өнгийн бэлхүүсээ харуулахад ямар ч араатан амьтан түүнээс айж холдон оддог. Далайн эргийн ойролцоох уулын горхинд амьдрах бөгөөд өвлийн улиралд хад чулуу, том модны дор нуугддаг.
Суринамын бах /Surinam toad/ нь 5–20 сантиметр урт биетэй, 6 орчим жил насалдаг, өмнөд Америкт амьдардаг амьтан. Хурдан сэлдэг хүчирхэг хойд хөлтэй бөгөөд хуруунуудад нь шаварлаг усанд ан хийхэд тусалдаг тэмтрүүл байдаг. Эмэгчин бах өндөгөө нурууныхаа арьсанд бэхлэн авч явах ба өндөгнүүд бах мэлхий болж хувирах хүртлээ эхийнхээ нуруун дээр өсөж томордог.
Эх баригч бах /Midwife toad/ нь 3–5 сантиметр урт биетэй, 5 орчим жил насалдаг, баруун ба төв Европт амьдардаг амьтан. Энэ бах нь маш ер бусын үржлийн аргатай. Үржлийн үеэр эмэгчин нь хоорондоо утаслаг зүйлээр холбогдсон том, шар өндөг гаргах ба өндөгнүүдийг эрэгчиндээ өгдөг. Дараа нь эр нь эдгээр өндөгийг хөлөндөө ороож, өндөг хагарах хүртэл авч явах бөгөөд хагарсных нь дараа гол руу аваачиж тавьна.
Европын бах /European common toad/ нь 8–20 сантиметр урт биетэй, 40 орчим жил насалдаг, баруун хойд Африк болон Европоос Төв Ази хүртэл тархан амьдардаг амьтан. Европт хамгийн өргөн тархсан хоёр нутагтан амьтан бөгөөд үржлийн улирлаас бусад үед ихэнх хугацааг хуурай газарт шавьж, эмгэн хумс агнаж өнгөрүүлдэг. Шөнийн идэвхитэй амьтан ба аюул тулгарсан үед хөлөө чангалан өлмий дээрээ зогсож, агаарыг хүчтэй сорон биеэ хөөлгөснөөр өөрийгөө илүү том харагдуулдаг.
Африкийн сарвуут бах /African clawed toad/ нь 6–13 сантиметр урт биетэй, 16 орчим жил насалдаг, өмнөд Африкт амьдардаг амьтан. Голчлон усан дор амьдрах ба урт хуруугаараа жижиг загас, шавьжны авгалдайг барьж иддэг бөгөөд толгойн орой дээрхи нүдээрээ усны гадарга дээр хоол хүнс байгаа эсэхийг харж, хайж явдаг. Арьсны өнгө нь түүнийг өлсгөлөн загаснаас хамгаалах сайн өнгөлөн далдлалт болж өгдөг.
Далайн бах /Marine toad/ нь 5–23 сантиметр урт биетэй, 2 кг хүртэл жинтэй, 10 орчим жил насалдаг, төв Америк, Өмнөд Америк, Австралид амьдардаг амьтан. Дэлхийн хамгийн том бах бөгөөд арьс нь маш хүчирхэг хортой. Хэрэв аюулд өртвөл мөрөн дээрхи булчирхайнаас нь өтгөн цагаан хор урсан гарах ба уг хорыг идсэн ямар ч амьтан маш түргэн үхнэ. Шөнийн идэвхит амьтан бөгөөд өдрийн цагаар сул хөрсийг нүхлэж эсвэл навч, чулуун дор нуугддаг.
Далайн бах могойгоор хооллох нь элбэг боловч эсрэгээрээ зарим могойнууд түүний хоронд өртөлгүйгээр далайн бахыг идэж чаддаг. Далайн бах анх 1935 онд Австралид нутагшсан боловч үүнээс хойш тоо толгой нь асар хурдацтай өссөнөөр бусад мэлхийнүүдийн амьдрах орчин, хоолыг булаах болж нутгийн уугуул амьтдад аюул занал учруулж буй нь гамшгийн хэмжээнд хүрчээ. Далайн бах нэг удаад 30,000 орчим өндөг гаргадаг бөгөөд мэдээж үүнээс цөөн хэд нь л нас биед хүрдэг ч, өндөг нь гуравхан хоногийн дотор хагарч түргэн өсч томордог учир далайн бахын тоо толгой нь маш түргэн өссөөр байна. Далайн бах барьж чадах бүхнээ иддэг бөгөөд тэдний гол хоол хүнс нь шавьжнаас бүрддэг боловч төрөл бүрийн мэрэгч амьтад, жижиг мэлхий, жижиг бах, могой зэргээр хооллоно. Өлссөн үедээ зулзагаа ч иднэ. Тэд мөн нохой тэжээдэг айлын ойролцоо амьдарч нохойн үлдээсэн хоолыг идэх тохиолдол ч элбэг байдаг.
Хорт хатгуурт мэлхийнүүд
Төв ба Өмнөд Америкийн ширэнгэн ойд амьдардаг эдгээр мэлхийнүүдийн энэ эрдэнийн чулуу шиг гоёмсог, өнгөлөг, тод өнгө нь махчин амьтдад тэднийг маш хортой гэдгийг анхааруулах гол зэвсэг нь болдог. Дэлхийн хамгийн хортой мэлхий бол арьсанд нь 10 хүний аминд хүрэх хэмжээний хор агуулагддаг алтан хорт хатгуурт мэлхий юм. Үнэндээ тэдэнд хатгуур, сум огт байхгүй боловч нутгийн овог аймгууд мэлхийний хүчтэй хорыг сумандаа шингээн ан хийдэг байснаас үүдэн тэднийг “хорт хатгуурт” эсвэл “хорт сумт” мэлхий гэж нэрлэх болжээ.
Хорт мэлхийн 120 орчим зүйл байдаг бөгөөд бараг бүх зүйл нь хурц, тод өнгөтэй байдаг. Хөлийн хуруунд нь жижиг тэмт рүүл байх ба тэдгээр нь гулгамтгай навч, мөчиртэй наалдаж тэднийг унахаас сэргийлдэг. Морин шоргоолж, ялаа, царцаа зэрэг шавжийг наалдамхай хэлээрээ хурдан барьж иддэг. Тэд модон дээр үржилд орж, өндөг гаргах ба эр нь өндөгийг харж хамгаалж, ус цуглуулж чийгтэй байлгана. Өндөгнүүд хагарах болоход эр мэлхий тэднийг нуруун дээрээ гарган гол ус руу зөөж аваачдаг.
Өнгөө хувиргадаг хорт хатгуурт мэлхий /Dyeing poison dart frog/ нь 5 сантиметр урт биетэй, 10 орчим жил насалдаг, Суринамд амьдардаг амьтан. Энэ зүйлийн мэлхийг 1968 онд олж нээсэн бөгөөд тэд бол өдрийн идэвхитэй амьтан. Тэд хөлийн хуруугүй, муу сэлдэг тул усан дотор бараг л олддоггүй бөгөөд гол горхины ойролцоох мод, чулуун дунд нуугдаж амьдардаг.
Дорис Свансоны хорт хатгуурт мэлхий /Doris Swanson’s poison dart frog/ нь 1.7–1.8 сантиметр урт биетэй, Колумбид амьдардаг, устах эрсдэл бүхий ховордсон амьтан. Тэдний амьдардаг зурвас ой нь 0.5 км квадрат буюу маш бага талбайг хамардаг тул тоо толгой нь үргэлж цөөн байж ирсэн бөгөөд устах өндөр эрсдэлтэй гэсэн үг юм. Тэд салбатан ургамалын дунд нуугдаж, тэнд хуримтлагдсан усанд өндөглөдөг.
Хар ногоон хорт хатгуурт мэлхий /Green and black poison dart frog/ нь 2.5–6 сантиметр урт биетэй, 8 орчим жил насалдаг, төв ба өмнөд Америк, Хавайд амьдардаг амьтан. Эдгээр бяцхан мэлхий нь хоёр нутагтан амьтдын дунд ер бусын нэг онцлогтой бөгөөд энэ нь үржлийн улиралд эмэгчин нь эрэгчинээ дуудаж, удирддаг явдал юм. Тэр арын хөлөөрөө эрэгчнийхээ нурууг нь цохиж үржилд орохыг ятгадаг. Хүн ам ихтэй газарт тэд заримдаа өндөгөө хагарсан лонх эсвэл хаягдсан лаазанд үлдээх нь бий.
Улаан судалт хорт хатгуурт мэлхий /Red-banded poison dart frog/ нь 3 сантиметр урт биетэй, Колумбид амьдардаг амьтан. Энэ мэлхийг өөрөөр бас Леманны хортой мэлхий гэж нэрлэдэг. Тэд 10 км² -аас бага хэмжээтэй ширэнгэн ойд амьдардаг тул нэн ховордсон амьтан юм. Түүний тархац нутагт өөр олон зүйлийн мэлхийнүүд амьдардаг нь энэ бяцхан мэлхийг илүү их эрсдэлд оруулдаг. Харамсалтай нь тэдний амьдрах орчны чанар, цар хүрээ улам бүр муудсан хэвээр байна.
Шар толгойт хорт хатгуурт мэлхий /Yellow-headed poison dart frog/ нь 3–5 сантиметр урт биетэй, 7 орчим жил насалдаг, өмнөд Америкын хойд хэсэгт амьдардаг амьтан. Энэ зүйлийн мэлхийн эр нь өөрийн гэсэн эзэмшил газартай бөгөөд хэрэв түүний нутаг дэвсгэрт өөр нэг эр мэлхий нэвтэрвэл тэр урилгагүй зочны бэлхүүснээс нь барьж байгаад чихэн дээр нь чанга дүнгэнэх мэт дуугарч айлган, холдуулдаг. Тийм учраас энэ мэлхийг өөрөөр зөгий мэлхий гэж нэрлэх нь ч бий.
Харлекүин хорт хатгуурт мэлхий /Harlequin poison dart frog/ нь 2.5–4 сантиметр урт биетэй, 10 орчим жил насалдаг, Эквадор болон Колумбид амьдардаг амьтан. Харлекүин хорт хатгуурт мэлхий бол эдгээр мэлхийнүүдийн дотроос хамгийн хортой, мөн хамгийн жижиг мэлхийн нэг. Хорт шавьжаар хооллодог бөгөөд шавьжнаас ялгарсан хорыг биедээ шингээлгүй арьсандаа хадгалах чадвартай.
Гүзээлзгэнийн өнгөт хорт хатгуурт мэлхий /Strawberry poison dart frog/ нь 2–2.5 сантиметр урт биетэй, 10 орчим жил насалдаг, төв Америкт амьдардаг амьтан. Энэ бяцхан мэлхийн хор нь харлекүин хорт хатгуурт мэлхийн хорноос арай бага боловч түүнийг идсэн ямар ч амьтан олон хоногийн турш ходоод гэдэсний өвчнөөр шаналах болно. Түүний өнгө нь хаана амьдарч байгаагаас шалтгаалан тод улаан, хүрэн, хөх, ногоон зэрэг олон янз байдаг. Тэд голдуу Панамын чийглэг ширэнгэн ойд амьдардаг.
Мэлхий болон бах нь хоёр нутагтан амьтдын хамгийн том бүлгийг бүрдүүлдэг бөгөөд тэдний хооронд тодорхой ялгаа бараг л байхгүй. Хамгийн жижиг Бразилийн бяцхан алтан мэлхийнээс эхлээд хамгийн том Голиатын бух мэлхий хүртэл олон янзын хэлбэр, хэмжээтэй мэлхийнүүд дэлхийн өнцөг булан бүрт бидэнтэй зэрэгцэн оршин амьдарч байна. Голиатын бух мэлхийн урт нь 40 см хүрдэг бол Бразилийн алтан мэлхий 1 см ч хүрэхгүй жижиг хэмжээтэй байдаг.