Загаснууд бол усанд амьдардаг хүйтэн цуст амьтад. Тэд бүгд уснаас хүчилтөрөгчийг авах зориулалттай заламгай хэмээх эрхтэнтэй бөгөөд усан дотор саадгүй хөдлөхөд нь туслах сэрвээ болон хайрстай байдаг.
Загас гэж юу вэ?
Нийт сээр нуруутан амьтдын талаас илүү хувь нь загас бөгөөд тэд дэлхий дээр хамгийн багадаа 500 сая жилийн өмнө үүссэн. Загас бол заламгайгаар амьсгалдаг, хайрсаар хучигдсан биетэй, сэрвээгээ ашиглан хөдөлдөг, хүйтэн цуст амьтан.
Дэлхий дээр нийт 28,000 гаруй зүйлийн загас байдаг бөгөөд тэднийг дотор нь эрүүгүй загас, мөгөөрст загас, яст загас гэж 3 ангилдаг.
■ Эрүүгүй загас: Могойтой төстэй биетэй, эрүүгүй загаснууд.
■ Мөгөөрст загас: Яснаас бус мөгөөрснөөс бүтсэн араг ястай, хатуу хайрсан арьстай загаснууд.
■ Яст загас: Хамгийн том бүлэг бөгөөд хатуу яснаас бүтсэн араг ястай.
■Хамгийн жижиг загас: 7 мм урттай “Халбаган дэгээ жараахай”.
■Хамгийн том загас: 14 метр урттай “Халиман аварга загас”.
Загас сэрвээгээ биетэйгээ хослуулан хөдөлгөж, усанд сэлдэг. Цээж ба аарцагны сэрвээ нь хосоороо байдаг бол нуруу, сүүл, гэдэсний сэрвээ нь дангаараа байна. Нурууны буюу биеийн дээд хэсгийн сэрвээ нь нэг эсвэл хэд хэдэн сэрвээ байж болох бөгөөд усан дотор чиглэлээ огцом өөрчлөхөд хэрэглэгдэнэ. Загас цээжний сэрвээгээ ашиглан чиглэлээ өөрчлөн сэлэхээс гадна цээжний сэрвээ нь амтлах, хүрэлцэхэд ашиглагдана. Аарцагны сэрвээ нь тэнцвэрийг хадгалахад тустайгаас гадна хурдыг нэмж, хасч өгдөг бол сүүлний сэрвээ нь загасанд урагш, хойш хөдлөх хүчийг өгдөг.
Загас амьдрахын тулд хүчилтөрөгчөөр амьсгалах ёстой. Тэд амаараа усыг оруулж, заламгайгаараа гадагш гаргах бөгөөд заламгай хэмээх толгойн хажууд байдаг эрхтэн нь уснаас хүчилтөрөгчийг задлан авч бүх биеэр нь тараадаг.
Яст загасны араг яс нь гавлын яс, сэрвээний яс, нурууны яс гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Гавлын яс нь эрүү болон заламгайг хамгаалахаас гадна загасны хөдөлгөөнийг дэмжиж өгдөг.
Бүх загас өндөглөж буюу түрс гаргаж үржинэ. Зарим загаснууд өндөгөө хүчилтөрөгчөөр хангахын тулд дээр нь ус асгах, араатан амьтнаас хамгаалах зэргээр шинэ жараахай гарч иртэл өндөгөө харж хамгаалдаг бол зарим нь аюулгүй гэж үзсэн газарт түрсээ шахчихаад тэднийгээ зөнд нь орхин оддог.
Аварга загасны ертөнц
Дэлхий дээр нийт 350 гаруй зүйлийн аварга загас /шарк, акул/ бий. Тэд алгын чинээхэн биетэй “давжаа аварга загас” — аас эхлээд ачааны машин шиг том “халиман аварга загас” хүртэл олон төрлийн хэлбэр хэмжээтэй байх боловч ихэнхи нь хурц шовх хошуутай, гурвалжин хэлбэрийн сэрвээтэй байдаг.
Алхан толгойт аварга загас
Урт өргөн толгой, толгойнхоо ирмэг дээр байрласан нүд, шовх гурвалжин сэрвээ, хөрөө шиг хэлбэртэй хурц шүд зэргээр нь алхан толгойт аварга загаснуудыг амархаан таньж болно. Тэдний толгой нь тал тал тийш маш хурдан хөдөлж байдаг тул тэд бүхий л чиглэлд харж чаддаг.
Алхан толгойт аварга загаснууд 100 хүртэлхи тоогоор сүрэглэн амьдардаг. Тэд толгой дээрхи мэдрэхүйн эрхтнүүдээ ашиглан олз болох амьтнаас гарч буй цахилгаан долгионыг барьж авах чадвартай бөгөөд энэ нь тэднийг гайхамшигтай бас аймшигтай ангуучид болгодог.
Тэд голчлон бусад бүх төрлийн загас, наймаалж, нялцгай биетэн, хавч зэргээр хооллодог боловч хэт их өлссөн үедээ нэгнийгээ барьж идэх нь ч бий. Тэдний хамгийн дуртай хоол нь далайн муур бөгөөд тэд хэдий догшин ширүүн харагддаг боловч хүн рүү дайрах нь маш ховор.
Аварга алхан толгойт загас /Great hammerhead shark/ нь 3.5–6 метр урт биетэй, 230–450 кг жинтэй, 30 гаруй жил насалдаг, дэлхийн бүхий л далай тэнгист амьдардаг, устах эрсдэл бүхий, ховордсон загас. Нийт есөн зүйл алхан толгойт аварга загас дундаа хамгийн том нь бөгөөд эмэгчин нь нэг удаад 70 см орчим урттай 20–40 амьд зулзага гаргадаг.
Аварга махчин загаснууд
Ихэнх хүмүүс аварга загаснуудыг хутга шиг хурц шүдтэй, гөлгөр зөөлөн биетэй, маш хурдан хөдөлгөөнтэй махчид гэж боддог. Энэ нь хэдий үнэн боловч тэдгээрээс гадна хүний гараас нэг их том биш, удаан хөдөлгөөнтэй, шүдгүй, харанхуйд гялалзаж харагддаг гэх мэт маш олон төрлийн аварга махчин загаснууд дэлхийн бүхий л далай тэнгист амьдардаг.
Цоохор аварга загас /Leopard shark/ нь 2 метр урт биетэй, 32 кг жинтэй, 30 гаруй жил насалдаг, Номхон далайн хойд эрэгт амьдардаг загас. Биен дээрээ гайхалтай хээтэй энэ загасны хүчирхэг хамар нь түүнд гүн шавар дунд нуугдсан амьтдыг ч хайж олон ангуучлах боломжийг олгодог. Хавч, өт, бусад жижгэвтэр загасаар хооллоно.
Давжаа аварга махчин загас /Spined pygmy shark/ нь 25 сантиметр урт биетэй, Атлантын далай, Номхон далайн баруун хэсэг болон Энэтхэгийн далайн баруун хэсэгт амьдардаг загас. Далайн ёроолын гүнд амьдардаг энэ загас дэлхийн хамгийн жижиг аварга махчин загасны нэг. Ихэнхи аварга махчин загаснаас ялгаатай нь тэд нурууныхаа дээд хэсэгт ястай байдаг бөгөөд дотор эрхтэнүүд нь гэрэл ялгаруулдаг тул шөнийн харанхуйд гэрэлтэж харагддаг. Далайн нялцгай биетэн, сам хорхой, жижиг загасаар хооллоно.
Цагаан хошуут хадны аварга загас /Whitetip reef shark/ нь 1.6–2 метр урт биетэй, 18 кг жинтэй, 25 орчим жил насалдаг, Номхон далай болон Энэтхэгийн далайд амьдардаг махчин загас. Далайн эрэгт ойрхон амьдардаг эдгээр загастай усанд шумбаж буй аялагчид олонтаа тааралддаг бөгөөд хачирхалтай нь тэд хүн рүү огт дайрдаггүй. Хэдий тийм боловч зарим тохиолдолд хүмүүсийн барьсан загасыг нь “хулгайлж” идэх нь бий. Далайн ёроолд эсвэл усан доорх агуйд амардаг ба загас, наймаалж, хавч хэлбэртнээр хооллоно.
Халим аварга загас /Whale shark/ нь 12–14 метр урт биетэй, 12 тонн жинтэй, 70 гаруй жил насалдаг, дэлхийн бүхий л дулаан далай тэнгист амьдардаг загас. Дэлхийн хамгийн том загас бөгөөд үүнээс нь болж “халим” нэрийг өгчээ. 1.4 метр өргөн том амтай энэ загас маш аюултай харагддаг хэдий ч харин ч харьцангуй номхон дөлгөөн амьтан юм. Удаан хөдөлгөөнтэй, голдуу ганц нэгээрээ явдаг эдгээр загаснууд ихэвчлэн далайн гадаргын ойролцоо явж байхтай нь таарч болох бөгөөд амаа том ангайн усыг сорж жижиг хавч хэлбэртнүүд болон хөвөгч планктоноор хооллодог. Өндөг бус амьд зулзага гаргах ба нэг удаад зуу гаруй амьд зулзага гаргах нь ч бий. Мөн тэд 1000 метрээс доош гүнд шумбан бусад загасны шахаж орхисон түрсээр хооллох маш их дуртай.
Аварга махчин цагаан загас /Great white shark/ нь 6–8 метр урт биетэй, 2 тонн жинтэй, 36 орчим жил насалдаг, дэлхийн бүхий л дулаан далай тэнгист амьдардаг загас. Энэ загас бол далайн хамгийн аймшигтай амьтдын нэг бөгөөд хүн рүү дайрсан тохиолдол нэлээд олон байдаг. Тэд хэдий жин ихтэй, булчинлаг боловч шувтан биеийн хэлбэртэй учраас усан дотор маш хурдан сэлдэг. Шүднүүд нь маш хурц, шовх ба ямар ч хатуу арьс махыг тэр дор нь хуу татаж, нэг ангайлтаар далайн хавын толгойг ч тас хазаж чадна. Ихэвчлэн ганц нэгээрээ амьдрах боловч томоохон ан хийх үедээ сүрэглэх тохиолдол бий.
Атлантын хавтгай аварга загас /Atlantic angel shark/ нь 1.5 метр урт биетэй, 27 кг гаруй жинтэй, Атлантын далайн хойд хэсэгт амьдардаг загас. Тэднийг өөрөөр элсний мангас аль эсвэл далайн бурхан гэж нэрлэдэг бөгөөд тэд далайн ёроолд амьдарч, хавтгай биеэ элсэн дор нуун далдалж олз болох амьтныг хүлээдэг. Нуугдсан газарт нь жижиг загас, нялцгай биетэн ойртон ирвэл тэд нуугдаж байсан газраасаа маш түргэн гарч ирж олзоо шүүрэн барьж авдаг ба тэдэнд баригдсан амьтанд зугтах ямар ч боломж байдаггүй. Мөн тэднийг өөрсдийг нь шүүслэг махнаас нь болж хүмүүс ихээр агнадаг.
Бутлагч аварга загас /Thresher shark/ нь 5.5 метр урт биетэй, 450 кг гаруй жинтэй, 28 орчим жил насалдаг, дэлхийн бүхий л дулаан далай тэнгист амьдардаг загас. Ер бусын урт сүүлтэй энэ загас урт сүүлээ ашиглан олзоо ганц далайлтаар хүчтэй цохин хөнөөж чадна. Тэд маш хурдан сэлдэг бөгөөд үе үе уснаас дээш цовхрон гарахыг нь олж харж болно.
Аварга хадаргана загас /Basking shark/ нь 10–15 метр урт биетэй, 6 тонн жинтэй, 40 гаруй жил насалдаг, дэлхийн бүхий л далай тэнгист амьдардаг загас. Энэ аварга загас биеийнхээ хэмжээгээр “халим” загасны дараа хоёрт орохуйц том биетэй. Том амаа бараг л үргэлж нээлттэй байлган аманд нь орсон уснаас жижиг хөвөгч амьтдыг заламгайгаараа шүүж иддэг.
Ангиан загаснууд
Ер бусын өвөрмөц хавтгай биетэй, далавч мэт сэлүүрээ ашиглан нисэх мэт гайхалтай хурдан сэлдэг эдгээр загасыг монгол хэлний тайлбар толь-д “ангиан” гэж нэрлэсэн байх ба ярианы хэлэнд “далайн муур” гэж бас өөрөөр нэрлэдэг. Тэдний зарим нь далайн ёроолд, зарим нь далайн мандалд амьдрах бөгөөд зарим нь биеэсээ цахилгаан цэнэг ялгаруулж бусад загасыг барих чадвартай.
Манта ангиан загас /Manta ray/ нь 9 метр урт биетэй, 2.3 тонн жинтэй, 20 гаруй жил насалдаг, 120 метр хүртэл гүнд, дэлхийн бүхий л дулаан далай тэнгист амьдардаг загас. Тэд бол дэлхийн хамгийн том ангиан загас бөгөөд хэдий том биетэй боловч маш өндөрт хөнгөхөөн үсэрч чаддаг. Манта ангиан загас толгойнхоо хоёр тал дахь маш том чихний омгоо ашиглан жижиг загасыг ам руугаа оруулж иддэг ба загас баригдахгүй бол амаа үргэлж нээлттэй байлган заламгайгаараа далайн уснаас жижиг планктоныг шүүж иддэг.
Толбот цахилгаан ангиан /Marbled electric ray/ нь 1 метр урт биетэй, 18 кг жинтэй, 20 гаруй жил насалдаг, 10–100 метрын гүнд, газар дундын тэнгист болон Атлантын далайн зүүн хэсэгт амьдардаг загас. Тэд биеэсээ цахилгаан ялгаруулдаг ба уг цахилгаан гүйдэлд нь цохиулсан ямар ч загас амьд үлдэж чадахгүй. Эртний Грекчүүд өвчтөнд мэс засал хийхийн өмнө энэ загасны цахилгаан гүйдлийг ашиглаж мэдээ алдуулалт хийдэг байсан гэх домог бий. Шөнийн идэвхитэй бөгөөд өдрийн цагаар далайн ёроолд нуугддаг.
Урт хамарт ангиан /Long-nosed skate/ нь 1.5 метр урт биетэй, 17 кг жинтэй, 26 орчим жил насалдаг, 15–900 метрын гүнд, газар дундын тэнгис, Канарын арлууд, Мадейра арал болон Атлантын далайн зүүн хэсэгт амьдардаг загас. Тэд нарийн, шовх үзүүртэй хамраараа бусдаасаа ялгардаг ба сүүл нь гурван эгнээ ясан нугаламтай байдаг. Тэд далайн ёроолд зөвхөн нүдээ ил гарган олз болох амьтан ирэхийг тэвчээртэйгээр хүлээдэг. Урт хамарт ангианууд удаан үрждэг тул устах аюулд өртөж байгаа. Учир нь тэд 11 нас хүрсний дараагаас л үржилд орох боломжтой болдог.
Ердийн ангиан /Common stingray/ нь 1.4 метр урт биетэй, 30 кг жинтэй, 15–25 орчим жил насалдаг, 5–200 метрын гүнд, газар дундын тэнгист болон Атлантын далайн зүүн хойд хэсэгт амьдардаг загас. 35 см урттай, хороор дүүрэн өргөст нуруутай. Олз руу довтлох үед нуруу нь хугарах тохиолдол гардаг боловч эргээд түргэн ургадаг. Эдгээр загасыг далавчнаас нь тос гаргаж авах болон хүнсэнд хэрэглэх зорилгоор авлах нь түгээмэл.
Долгионт ангиан /Undulate ray/ нь 1.2 метр урт биетэй, 7 кг жинтэй, 14 хүртэл жил насалдаг, 45–200 метрын гүнд, газар дундын тэнгист болон Атлантын далайн зүүн хэсэгт амьдардаг загас. Нуруун дээрхи өвөрмөц бөгөөд гоёмсог хээнээс нь болж тэднийг өөрөөр “будмал” загас гэж нэрлэдэг бөгөөд гоё зүснээс нь болж хүмүүс тэднийг томоохон аквариумуудад авчран олон нийтэд үзүүлэх нь түгээмэл. Эм ангиан шаварлаг эсвэл элсэрхэг газарт 15 хүртэл өндөг гаргадаг ба халбин загас, хавч болон бусад нялцгай биетнээр хооллодог.
Шаргал ангиан /Blonde ray/ нь 1.25 метр урт биетэй, 14.3 кг жинтэй, 15 орчим жил насалдаг, 10–380 метрын гүнд, Атлантын далайн зүүн хэсэгт амьдардаг загас. Хэрэв та энэ загасны нурууг илж үзэхэд гөлгөр, зөөлөн байвал залуу, балчир ангиан байна аа гэсэн үг. Учир нь тэднийг насанд хүрсэн хойно нь нуруун дээр нь жижиг жижиг өргөс ургадаг. Зуны улиралд тэгш өнцөгт хэлбэрийн, эвэртэй өндөгнүүд хагарч бяцхан ангианууд хорвоод мэндлэнэ. Тэд үзэгдэх өнгөнөөс гадна том нүд, богино хоншоор, тэгш өнцөгт далавч зэргээрээ бусдаасаа ялгардаг.
Өргөст ангиан /Thornback ray/ нь 1.05 — 1.2 метр урт биетэй, 18 кг жинтэй, 12 орчим жил насалдаг, 20–577 метрын гүнд, газар дундын тэнгис, хар тэнгис, болон Атлантын далайн зүүн хойд хэсэгт амьдардаг загас. Өргөст ангиан нь сам хорхой, хавч зэрэг хавч хэлбэртнүүд болон жижиг загасаар хооллодог. Тэд нуруунаас гадна сэлүүр болон сүүлэндээ ч мөн адил өргөстэй ба эм нь эрээсээ арай илүү урт биетэй байдаг. Эмэгчин нь зун өндөглөж, өндөг нь өвөл хагарна.
Яст загаснууд
Яст загаснууд бол загасны хамгийн том, хамгийн олон төрөл зүйлийг дотроо багтаасан бүлэг. Зарим нь давстай далайд, зарим нь цэнгэг усанд амьдардаг бол зарим нь аль алинд нь амьдрах чадвартай. Гэхдээ тэд бүгдээрээ хөнгөн боловч хүчирхэг араг ястай байдгаараа хоорондоо ижилхэн.
Загасан сүрэг
Загаснууд илүү олноороо сүрэглэх тусам илүү аюулгүй байдлыг бий болгоно. Учир нь хурдтай хөдөлж буй загасан сүргээс нэг загасыг барих нь илүү төвөгтэй бөгөөд зарим сүрэг халдан довтолж буй араатан амьтнаас том хэмжээтэй болсноор тэднийг төөрөлдүүлж өөрсдөөсөө холдуулж чаддаг. Мөн сүрэг загаснуудын олон хос нүднүүд нь араас нь гэтэж буй араатныг амархан олж хараад, түргэн хугацаанд хамгаалалт үүсгэх боломжийг бий болгодгоороо давуу талтай.
Хэдий тийм ч зарим том махчин загаснууд нэлээд том загасан сүргийг маш түргэн хугацаанд үй олноор нь зажлах ч үгүй залгин идэх тохиолдол цөөнгүй байдаг. Махчин загаснаас гадна хотон шувуу, сар шувуу, отгот шунгуур гэх мэт гайхалтай сайн шумбаж загасчилдаг шувууд загасан сүрэгт том аюул болно. Загаснууд бөөгнөрөн сүрэглэснээрээ өөрсдийгөө хамгаалахаас гадна хамтдаа хоол хүнс хайх болон хосоо олоход илүү дөхөмтэй байдаг тул сүрэглэн амьдрах нь олон талын ашигтай байдаг.
Нууцлаг анч загаснууд
Ан хийхэд сайтар бэлтгэгдсэн эдгээр загаснууд өнгөлөн далдлалтыг ч мөн өндөр түвшинд хийж чаддаг. Тэдний ихэнх нь толгойн оройгоосоо далайн жижиг нялцгай биетэн шиг харагдахуйц эрхтэнцэрийг унжуулсан байх ба энэ өгөөшинд нь хууртаж, ойртон ирсэн загаснуудаар хооллодог. Тэд мөн өгөөшинд нь загас орохыг бүтэн өдөржингөө хүлээн залхуурч хэвтэх нь түгээмэл.
Гөлгөр ангууч загас /Smooth anglerfish/ нь 10 сантиметр урт биетэй, Өмнөд тэнгис болон Австралийн өмнөд эрэгт амьдардаг загас. Жижиг биетэй боловч том толгойтой энэ загасыг өөрөөр мэлхий загас гэж нэрлэдэг. Тэд толгой, нуруун дээр нь дээш сунан тогтсон гурван ширхэг ясан бүтэцтэй байдгаараа бусдаас онцлог бөгөөд эдгээр өргөс шиг дээш гарсан ясыг нь жижиг загаснууд ихэд сониучирхан дөхөж очдог. Ойртон ирсэн жижиг загасыг тэд тэр дор нь хүчтэй сорж иддэг.
Ангууч загас /Angler/ нь 2 метр урт биетэй, 58 кг орчим жинтэй, 24 орчим жил насалдаг, Атлантын далайн хойд хэсэг, Газар дундын тэнгис, Хар тэнгист амьдардаг загас. Өөрөөр далайн чөтгөр, эсвэл лам загас гэж нэрлэгддэг энэ загас өргөн, хавтгай биетэй бөгөөд далайн ёроолд хажуугаар нь жижиг загас явж өнгөрөхийг хүлээн амаа ангайн, нуугдаж өдрийн ихэнх хугацааг өнгөрүүлдэг. Том толгойтой, дотогшоо чиглэсэн хурц шүдтэй, өргөн эрүүтэй тул аманд нь орсон ямар ч амьтанд зугтах боломж байдаггүй.
Зүүдний ангууч загас /Psychedelic anglerfish/ нь 9 сантиметр урт биетэй, зүүн өмнөд Азид амьдардаг загас. Энэ загасны бие дээрхи өвөрмөц цагаан судал нь хүний хурууны хээ шиг загас бүрт дахин давтагдашгүй өөр өөр байдаг. Өргөн, хавтгай, хуниастай нүүр, урагш харсан товчин нүд, зузаан боловч цээжний сэрвээ хэсэгт нугалардаг сул арьс зэрэг нь бусдаас ялгарах гол онцлог нь бөгөөд араатан амьтнаас зугтах болон олзоо хөөж барих үед заламгайнаасаа усыг хүчтэй шахаж гаргаснаар хурдаа нэмэгдүүлж чаддаг.
Булцруут мэлхий загас /Warty frogfish/ нь 15 сантиметр урт биетэй, Номхон далайн баруун хэсэг болон Энэтхэгийн далайд амьдардаг загас. Энэ зүйлийн ихэнх загас далайн гүнд амьдардаг бол булцруут мэлхий загас далайн мандалтай ойр гүехэн усанд, гол төлөв шүрэн хаданд амьдардгаараа онцлог. Биен дээрээ янз бүрийн толбо, хээтэй энэ загас голчлон жижиг загасаар хооллодог боловч зарим үед бусад мэлхий загасаа барьж идэх тохиолдол байдаг. Нуруун дээрхи өвөрмөц өнгийн сэрвээгээ нааш цааш сэгсчүүлэн хөдөлгөж олз болох амьтдыг өөртөө татдаг.
Саргас загас /Sargassum fish/ нь 20 сантиметр урт биетэй, 400 грамм орчим жинтэй, дэлхийн бүхий л дулаан далай тэнгист амьдардаг загас. Өөрийн нэртэй ижил саргас хэмээх замган дунд амьдардаг энэ загасны латин нэр нь “жүжигчин” гэсэн утгатай. Үргэлж өлсгөлөн байх хэдий ч өөр амьтан руу дайралт хийлгүй олз болох амьтан өөр лүү нь ойртон ирэхийг тэвчээртэйгээр хүлээж хэвтдэг. Ихэвчлэн өөрөөсөө том загасаар хооллох ба хэт өлссөн үедээ бие биенийгээ ч барьж иднэ. Эр нь эмийнхээ араас тэвчээртэйгээр дагаж ойртох бүртээ сүүлээрээ шавхуурдан өөртөө татаж үржилд ордог нь ихэд өвөрмөц. Нурууны сэрвээгээ ил гарган газар дор нуугдаж, сэрвээгээ өгөөш болгон ашигладаг.
Далайн ёроолын чулуун загас /Estuarine stonefish/ нь 60 сантиметр урт биетэй, Энэтхэгийн далай болон Номхон далайд амьдардаг загас. Чулуу шиг харагддаг энэ загас далайн ёроолд нуугдан олз болох амьтныг хүлээдэг бөгөөд дэлхийн хамгийн хортой загас юм. Тэд гадуур хайрсан бүрхүүлгүй ба биений өнгө болон хэлбэр нь тэдэнд гайхалтай өнгөлөн далдлах боломжийг олгодог. Цээжний сэрвээгээ ашиглан далайн ёроолд гүехэн нүх ухаж, толгой нүдээ ил гарган эргэн тойрондоо элс, шавар овоолон нуугддаг. Маш удаан сэлдэг тул нуугдсан газрынхаа ойролцоо сэлж буй загасыг л барьж иддэг. Далайн ёроолын чулуун загас нь хурц үзүүртэй, булчирхай нь хорт бодисоор дүүрэн 13 нурууны нугаламтай байдаг. Хэрэв хүн энэ хурц нурууны нугаламны аль нэг дээр нь санамсаргүй гишгэвэл шууд үхэлд хүргэх аюултай.
Аварга сагамхай загас
Бүх сагамхай загасны хамгийн том зүйл болох аварга сагамхай загас далайн ёроолд ойр, бүлээн усанд амьдардаг. Ихэвчлэн ганц нэгээрээ явах ба шүрэн хадны эргэн тойронд болон агуй, живсэн хөлөг онгоцны ойролцоо байх мөн дуртай. Тэд бол шүрэн хаданд амьдардаг хамгийн том яст загас бөгөөд жараахай байх үед нь бусад загаснууд тэднийг барьж идэх боловч нас бие гүйсэн хойно нь тэдэнд хүнээс өөр аюул учруулах амьтан бараг л байхгүй.
Аварга сагамхай загас /Giant grouper/ нь 2.7 метр урт биетэй, 400 кг орчим жинтэй, Энэтхэгийн далайд болон Номхон далайн төв ба баруун хэсэгт амьдардаг загас.Аварга сагамхай загас анх төрөхдөө барсгар хар болон шар өнгийн толботой байдаг ч нас нь нэмэгдэх тусам илүү хар бараан өнгөтэй болдог. Тэд жижиг махчин загас, ангиан, яст загаснууд, жижиг яст мэлхий зэрэг олон төрлийн хоол иддэг ч түүний гол хоол нь хавч хэлбэртнүүд байдаг. Тэд маш том биетэй тул амьд үлдэхийн тулд их хэмжээний хоол хүнс шаарддаг.
Орчин үед загасчид цианит, тор, тэсрэх бодис зэрэг загасыг олноор нь, хялбар барих зүйлсийг түлхүү ашиглах болсон нь аварга сагамхай загасны болон бусад олон зүйл загасны тоо толгой хомсдох гол шалтгаан болж байна. Мөн тэд том биетэй, удаан хөдөлдөг учраас энэ нь тэднийг жадаар агнахад хялбар болгодог. Байгаль хамгаалагчид аварга сагамхай загасыг хамгаалахын тулд илүү аюулгүй газарт аваачиж нутагшуулах зэрэг олон арга хэмжээнүүдийг авч байгаа боловч төдий л сайн үр дүнд хүрч чадахгүй л байна.
Далайн харанхуй ёроол дахь загаснууд
Далайн харанхуй ёроолд маш хүйтэн, хоол хүнс, хүчилтөрөгч тун хомс байдаг. Гэсэн хэдий ч олон загас энэ хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож амьдрахаар хувьсан өөрчлөгджээ. Далайн ёроолд амьдардаг эдгээр загасны талаар судалж мэдээгүй зүйл маш их. Учир нь далайн гүнд хүрэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажиллуулахад маш их хэмжээний хөрөнгө, мөнгө шаарддагаас гадна далайн ёроолд амьдардаг тэдгээр загаснуудыг дассан орчноос нь гаргах үед маш түргэн үхчихдэг.
Далайн ёроолд амьдардаг загаснуудын зарим нь өчүүхэн гэрлийг ч олж харах маш том нүдтэй байдаг бол жижиг нүдтэй загаснууд нь чичиргээг мэдрэх болон үнэрлэх чадвар маш сайтай байдаг. Далайн ёроолд амьдардаг “дэнлүү загас” нь туна, аварга махчин загас, халим, далайн гахай, далайн шувууд, оцон шувуу, том наймаалж зэрэг олон амьтдын хоол тэжээлийн чухал эх үүсвэр болдог “алдартай хоол” юм.
Төмрөн дэнлүү загас /Metallic lanternfish/ нь 8 сантиметр урт биетэй, Атлантын далайн зүүн ба баруун хэсэгт 600 метр хүртэл гүнд амьдардаг загас. Төмрөн дэнлүү загас нимгэн, мөнгөлөг хайрстай, маш том нүдтэй загас. Том нүд нь маш хол зайд харж харж чадахаас гадна гэрлийн өчүүхэн өөрчлөлтийг ч олж харж чадна. Төмрөн дэнлүү загас биеийн хажуу, доод хэсэг, толгой дээрээ жижиг, тод, товч шиг харагддаг “фотофор” хэмээх химийн урвалд орох үедээ гэрэл гаргадаг булчирхайнуудтай байдаг. Эдгээр фотофорууд нь харанхуйд эсвэл сүүдэрт орсон үед ногоон, шар эсвэл цэнхэр өнгийн гэрэл гаргана. Фотофор нь дэнлүү загаснууд харанхуйд бие биенээ харж, таньж, хамтдаа илүү аюулгүй байх боломжийг олгодог.
Слоуны могой загас /Sloane’s viperfish/ нь 20–35 сантиметр урт биетэй, 30 грамм орчим жинтэй, дэлхийн бүхий л дулаан далай тэнгист 473–2800 метрийн гүнд амьдардаг загас. Дэлхийд далайн ёроолд амьдардаг нийт 9 зүйл могой загас байдаг бөгөөд тэд шөнийн цагаар далайн мандал тийш дээшлэн олз хайдаг. Слоуны могой загасны биеийн хажуу болон доод талд олз болох амьтныг өөртөө татах фотофорууд байдаг. Тэд мөн маш том, нэвт гэрэлтдэг соёотой ба соёо нь аманд нь бүхлээрээ багтдаггүй тул амаа хаасан үед нь ч цухуйж харагддаг.
Атлантын хөлбөмбөгчин загас /Atlantic football fish/ эм нь 60 сантиметр, эр нь 4 сантиметр урт биетэй, Атлантын далай, Энэтхэгийн далай, Номхон далайд 1000 хүртэл метрийн гүнд амьдардаг загас. Дэлхийн дээр нийт 23 зүйлийн хөлбөмбөгчин загас амьдардаг бөгөөд тэднийг зүгээр л хөлбөмбөгийн бөмбөгтэй ижилхэн биеийн хэлбэртэй учраас ингэж нэрлэжээ. Атлантын эм хөлбөмбөгчин загаснууд эрээсээ хамаагүй том бөгөөд илүү том амтай байдаг. Тэд маш муу, удаан сэлдэг тул өдрийн ихэнх цагийг олз болох амьтан өөрөө хүрч ирэхийг хүлээн хэвтэж өнгөрүүлдэг.
Жижиг залаат цавчуур загас /Lowcrest hatchetfish/ нь 7 сантиметр урт биетэй, Атлантын далай, Энэтхэгийн далай, Номхон далайд 3000 хүртэл метрийн гүнд амьдардаг загас. Сүх шиг хэлбэрийн биенээс нь болж тэднийг ингэж нэрлэжээ. Өдрийн ихэнх цагийг далайн ёроолд нуугдаж өнгөрүүлээд шөнөөр ан хийхээр далайн мандал тийш дээшилдэг. Хэвлийн хэсэг дээрхи фотофор нь байгалийн гэрэл шиг харагддаг тул үүнд нь хууртан ойртож ирсэн загасаар хооллодог.
Нугалаат аварга загас /Frilled shark/ нь 2 метр урт биетэй, дэлхийн бүхий л далай тэнгист 50–1500 метрийн гүнд амьдардаг загас. Аварга загас гэхээсээ илүү могой загастай ижилхэн харагддаг энэ загас маш удаан үрждэг. Эм загас үр тогтсоноос хойш зулзагаа төрүүлэх хүртэл 2 жилийн хугацаа шаарддаг нь бусад ямар ч загастай харьцуулахад маш удаан хугацаа юм.
Хотон могой загас /Pelican eel/ нь 61–100 сантиметр урт биетэй, 1 кг жинтэй, дэлхийн бүхий л дулаан далай тэнгист 500–7625 метрийн гүнд амьдардаг загас. Хүний нүдэнд тун ховорхон үзэгддэг энэ загасыг өөрөөр шүхрэн амт могой загас гэж нэрлэдэг. Биенээсээ хамаагүй том амтай тэдний ходоод гэдэс нь ч мөн сунаж томордог тул өөрөөсөө хэд дахин том загасыг ч барьж идэж чадна. Гэрэлтдэг сүүлнийхээ тусламжтайгаар олзыг өөртөө татах бөгөөд урт сүүлээ ташуурдах мэт хөдөлгөн урагш хойш сэлдэг.
Шар галуу загас /Yellow goosefish/ нь 150 сантиметр урт биетэй, 40 кг жинтэй, 8 гаруй жил насладаг, Номхон далайн баруун хойд хэсэгт 25–560 метрийн гүнд амьдардаг загас. Шар галуу загасыг хүнсний зориулалтаар ихээр авладаг бөгөөд элэгийг нь Японд онцгой “амтат” зоог гэж үздэг бол хятадад уламжлалт анагаах ухаанд ашигладаг. Эм нь эрээсээ хамаагүй том.
Түрс шахагч салмон загас
Зурагт харагдаж буй оймсон нүдэт салмон загасны амьдралын мөчлөг нь нүүдлийн шинжтэй бөгөөд тэд цэнгэг усанд төрж, дараа нь далай руу нүүдэллэн амьдарч байгаад, үржилд орохын тулд цэнгэг усандаа эргэн ирдэг. Анх төрсөн цагаасаа эхлээд эргэж цэнгэг усандаа ирэн түрсээ шахах хүртлээ тэд 4 жил орчмын хугацаанд 1500 км гаруй замыг туулдаг. Энэ гайхамшигтай, урт удаан аяллалынхаа эцэст эм загас бүр 4000 гаруй өндөг буюу түрс гаргах ба түрсээ шахах үедээ эдгээр загаснууд нүдэнд тусахуйц тод улаан өнгөтэй болж хувирна.
Атлантын салмон загас /Atlantic salmon/ нь 1.5 метр урт биетэй, 47 кг жинтэй, 13 гаруй жил насладаг, Номхон далайн зүүн хойд хэсэг, Европын баруун болон хойд хэсэгт, Атлантын далайн хойд хэсэгт амьдардаг загас. Монголоор хулд эсвэл яргай загас гэж нэрлэдэг энэ загасыг хүнсний зориулалтаар загасны аж ахуйд өсгөн үржүүлдэг. Тэд хүчирхэг сүүлнийхээ тусламжтайгаар хүрхрээ, далан дээгүүр харайх чадвартай бөгөөд маш сайн сэлэгчид юм. Гэсэн хэдий ч усанд сэлэх ур чадвар нь тэднийг далайгаас цэнгэг уст нуур луу хүрэх урт аялалд загасны тор болон анч баавгайнаас аварч дийлэхгүй байх нь олонтаа. Ихэнх салмон загаснууд түрсээ шахсаны дараа үхдэг боловч Атлантын салмон загас заримдаа амьд үлдэж, далай руу буцдаг. Салмон нь маш амттай бас алдартай загас тул хүмүүс тэднийг зарж, идэхийн тулд барьж авахаар олон арга ашигладаг.